ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...

ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...

Image

“...Зүүнбаянд хийгдэж байгаа түр төмөр зам борооны үерт унасан байна. Тийшээ очиж, сурвалжилж ирэх хэрэгтэй байна...” гэсэн ерөнхий эрхлэгчийн үгтэй зэрэгцэн “би явья” гэдэг үгийг амнаасаа унагаасан миний бие зураглаач залуугийн хамтаар  даваа гарагийн үдээс хойш гараад давхичихав, Улаанбаатараас. Хамгийн сүүлд хэзээ өдөр тутмын сонины редакциас үүрэг бүхий томилолттой гарч байснаа ч мартсан надад томилолт маань багагүй сонирхолтой, бахархах зүйл олонтоо байсан.

Улаанбаатар-Дорноговь-Зүүнбаян хэмээн маршрутаа тогтоож аваад давхисаар шөнө дөлөөр Зүүнбаянгийн цэргийн ангийн хашаанд байрласан “Монголын Төмөр зам” Төрийн өмчит компанийн шуурхай удирдлагын төвд ирлээ. Хэдий шөнө дөл болсон ч шуурхай удирдлагын төвийн залуучууд ид ажиллаж байсан төдийгүй, маргааш хаана очих, ямар инженерүүдтэй уулзахыг тун чиг шуурхай шийдвэрлэж өгсөнөөр түмэн зүйлийн шавьж бужигнасан говийн шөнийг хагас нойртой өнгөрөөд өглөө эрт цахим шуугианы эзэн болсон “нурсан төмөр зам” бүхий Дунд баянгийн хөндийд давхиж хүрэв.

 

ДУНД БАЯНГИЙН ИХ ҮЕРИЙН СУРАГ

Зүүнбаянгаас баруун тийш шинэ төмөр замыг даган сайжруулсан шороон замаар давхив. Анх удаа монголчуудын мэргэн ухаан, хөдөлмөрөөр бүтэж байгаа 416 километр төмөр замын далан Зүүнбаянгаас баруун тийш сунайжээ. Шинэхэн төмөр замыг даган сайжруулсан шороон зам тавигдсан агаад бид ч тэр замаар хүрэх газрынхаа зүг хурдлав.   Хаашаа л харна, хараа үл хүрэм нуугин дуниартах говийг зүсэн давхих бид гэрэл зурагчныгаа зураг авахаар буухад түр амсхийн зогссоор, хүрэх газраа ирлээ...

Дорнын их говийг сүүжилдэн эзэгнэх нүд алдам том цайдмыг ерөнхийд нь Зүүнбаян, Баруунбаян, Дундбаян гэдэг аж. Бидний зорин очиж байгаа газар Дундбаяны их цайдам аж. Зүүн хойноос түрж орж ирсэн их цайдмыг уруудан маш том цэлгэр хөндийн дундуур баруун чиглэлд тавигдаж буй төмөр замын бүтээн байгуулалт ид дундаа. Дүүрэн, дүүрэн ачаатай том машинууд зөрөлдөн давхилдаж, нүд гүйцэхгүй алс руу нуруулдсан том далан сунайж, шар, хөх ... зэрэг алагласан хувцастай залуучууд хөлхөлдөх олныг анзаарсан шинжгүй тус тусынхаа хийх ажилдаа улайрах аж. Нурсан хэмээн дуулиан дэгдээсэн түр төмөр замын хэсгийг дөтөлж яваа бидний замд үерт дайрагдсан бололтой цагаан өнгийн Ланд200 машин тааралдсан нь их говийн зэрлэг үерийн хүч ямархуу байсныг үг дуугүй харуулах мэт. Учир нь тэр машиныг харсан хэн боловч “хайран машин” гэж ам амандаа гүвтнэх агаад гурван хоногийн борооны говийн зэрлэг үерт дайрагдаж, багагүй зовлон үзээд арайхийн наранд гарч ирсэн тухай хүмүүсийн яриа чихний гадуур өнгөрөөгүй юм.

Нийтдээ 35 орчим метр газарт түр төмөр замыг байрлуулсан далан үерийн усанд идэгдэж нурсан агаад 20 метр, 15 орчим метрээр хоёр таслагдсан харагдана. Үерийн хүч үнэхээр сүртэй байсан гэдгийг төмөр зам дээр ажиллаж байгаа хүмүүс, гүүр барьж байгаа компанийнхан төдийгүй нутгийн малчид ч өгүүлж байсан юм. Үер болоод гурав хонож байгаа гэхэд ус татраагүй, шар шавар татуулан урсаж, үндсэн төмөр замын гүүр тавьж байгаа далангийн ажил гүүр байрлуулах нүхийг дүүргэсэн үерийн ус соруулах ажлаас болж хүлээгдэж, удааширч байгаа аж.

            Сэтэрсэн түр замын хойно үндсэн төмөр замын далан байрлах агаад яг үер орж ирсэн хөндийд 125 метр хоёр том гүүр баригдах зургийн дагуу ажил ид оволзож байгаа харагдана. Төмөр замын үерийн ус зайлуулах гүүрний тулгуур баганы суурийн даацын бетон тус бүр хоёр тонн байдаг аж. Ямар урттай гүүр тавихаас шалтгаалж хэдэн тулгуур багана байрлуулах нь зургаар баталгааждаг агаад энэ хөндийд тавигдах гүүрийн урт 125 метр гэнэ.

Харин энэ сарын 10-ны шөнөөс эхэлж орсон гурван өдрийн борооны үеэр хөндий тэр чигээрээ үерт автаж, сүүлийн 30 жилд болоогүй үер болсон тухай нутгийн иргэд толгой сэгсрэн өгүүлсэн. Ямартаа ч их таван ханатай гэрийн ханын толгой давж, бага дөрвөн ханатын тооноор үерийн ус садарч байсан тухай ярих нутгийн иргэдтэй хэдэнтээ таарсан.

            Учир мэдэх мэргэжлийн хүмүүс, төмөр замчид сул шахам замд түр байрлуулж, ачаа тээвэрлэхэд ашиглаж байсан түр төмөр зам энэ хүчтэй үерийг харин ч эвдрэл багатай туулж гарлаа хэмээх. 11 сарын турш гэртээ очих завгүй ажиллаж буй инеженер, мэргэжилтэн, ажилчин залуучууд “говьд бороо шиг хэрэгтэй юм алга шигээ, үер шиг ажил удаашруулж байгаа зүйл бас алга” гэлцэх нь ч чихний гадуур өнгөрөөгүй юм .

 Бороо орох сайхан ч говийн хөрсөнд шингэдэггүй, яах ийхийн зуургүй л зэрлэг үер болоод “хуйхлачихдаг” учир ямар ч яаруу ажил хойшлогдож, ажил зогсож байна, түүнээс манай монголчууд бүтээж, хийж чаддаг юм байна гэдгийг нутгийн иргэд бид нүдээрээ харж байна хэмээн ам сайтай байгаа нь нутагтаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг нүдээр харж байгаагийнх байх гэж харсан, сэтгүүлч миний хувьд...

Дашрамд дурдахад, анх төмөр замын ажил эхлэхэд хамгийн ихээр дургүйцсэн хүмүүс нутгийн иргэд байсан гэнэ. Арга ч үгүй ямар ажил хийж, ямар бүтээн байгуулалт хийгдэхийг нь мэдэхгүй учир хүнд даацын машинууд өдөр шөнөгүй давхилдаж, газрын хөрс ёстой л өөд, уруугүй эргэж, битүү цагаан шороонд хучигдаад хүн малгүй зутарч эхэлсэн аж. Түүнээс гадна, том том хар чулуу хаанаас юм ачиж ирээд л өдөр шөнөгүй буталж, няцлаад байгаа харагдсан учир малчид төмөр зам барих нэрээр “алт угааж” байна гэж хүртэл хардсан гэнэ.

 Тиймээс малчид нэгдэж эсэргүүцэл үзүүлэхээд чулуу буталж байхад нь албаар очиж “тандаж” хардлагаа тайлсан аж... Энэ мэтээр том жижиг олон асуудал тулгарсан ч бүтээн байгуулалтыг эхлүүлсэн монголчууд тэр дундаа Монголын төмөр замынхан болон Зэвсэгт хүчин жанжин штабынхан, мөн энэ бүтээн байгуулалтад чиглэл чиглэлээрээ оролцож ажиллаж байгаа монголын 90 гаруй компанийн 8000 орчим ажилчид, мэргэжилтнүүд нэг өдөр ч зогсохгүй урагшилж, зүтгэснээр өнөөдөр Зүүнбаянгаас эхлүүлж байсан 416 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй, ирэх 12 сард ашиглалтад оруулна, хүлээлгэж өгөхөөр байгааг хараад бахарал төрсөн, нуух юм байхгүй

ТҮР ЗАМЫН ЭВДРЭЛ БУЮУ МЭДЭМХИЙ МОНГОЛЧУУДЫН ШУУГИАН

 

Таван толгойн хяналтын багийн ахлах инженер Р.Сүхбаатар, “2019 оны долдугаар сард улаан шугамаа тавьж, наймдугаар сараас бүтээн байгуулалтын ажил ид жигдэрч байлаа. Төмөр замын далангийн ажил нийтдээ 416 километрт 16 сая кубметр газар шороо, бусад технологийн ажилд тухайлбал, уулын шугам хамгаалалт ухмалын ажиллагаанд 30 сая кубметр газар шороог бүтээн байгуулалтад зориулж, нэг жил хүрэхгүй хугацаанд бэлтгэж гүйцэтгээд байна.

            Энэ бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын бүтээн байгуулалтыг дэмжих газар,жанжин штабын анги нэгтгэлүүдийн алба хаагчид, туслан гүйцэтгэгчээр орсон 60 гаруй аж ахуйн нэгжид талархалтай хандаж байгаа. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 60 гаруй аж ахуйн нэгжүүд маань өдөр 180-300 мянган метр куб газар шорооны ажил хийж ажилласан. Үүнийг монголчуудын хамгийн сайн мэдэх асуудалтай харьцуулж ярьвал илүү ойлгох байх. Улаанбаатар-Дарханы чиглэлд тавигдаж байгаа 240 километр автозамд 1.4 сая метркуб газар шорооны ажил хийгдэхээр байгаа. Тэгэхээр манай энэ хүч Дарханы замд очиж ажиллахад 3-5 хоногт л газар шорооны ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй дуусгахаар байна гэсэн үг. Ийм л том бүтээн байгуулалтын ажил энд явагдаж байна.

            Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын ажлын үндсэн далан нийтдээ 416 километрт 16 сая метр куб газар шорооны ажил хийгдсэн бол 596 ширхэг хоолой, 27 ширхэг гүүр тавигдаж байгаа. Энэ бүтээн байгуулалтын явцад баригдаж байгаа нийт гүүрийн урт 2.2 километр. Ийм том бүтээн байгуулалтад гар биеэрээ оролцож, цаг нартай уралдаж ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнуудаараа бахархахаас өөр арга байхгүй гэж хэлмээр байна.

Харин энэ сарын 10-11-нд шилжих шөнөөс эхлээд гурван хоног орсон их устай борооны улмаас Дундбаянгийн хөндий тэр чигээрээ үерт автаж, яг энэ хөндийд тавигдаж байгаа 125 метр гүүрийн хажууд түр байрлуулж ачаа тээвэрлэж байсан түр замын далан 30 метр газарт сэтэрч, нурсан. Ямарваа нэг ажлыг гүйцэтгэж байхад тухайн ажлыг түргэвчлэх инженерийн хэд хэдэн шийдлүүд байдаг. Үүний нэг нь гүүр баригдах хооронд түр зам тавьж, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг таслахгүй урагшлуулж байсан. Ингэсэнээр нийт 416 километр замын далангийн ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгаад байна. Мөн гүүрийн доор тавигдах 596 хоолойн ажлууд бүрэн хийгдэж дууссан. Нийт тавигдах 27 гүүрний 2 гүүрийн дам нурууг тавьсан бусад 25 гүүрийн цутгалтын ажил ид хийгдэж явж байна.

Үүнээс гадна, дэд бүтцийн ажлууд нэлээд хийгдээд явж байна. 416 километрээс 369 километр хүртэлх зам бүрэн тавигдсан байгаа. Үүний хоёр хэсэгт нь бид түр зам тавьж төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа шуурхай үргэлжлүүлж явсан. Нэг зүйлийг хэлэхэд түр замд байгалийн гамшигт үзэгдлээс болж учирсан энэ үйлдэл бидний ажилд саад болохгүй, бас төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ямар ч саадгүй зүйл юм. Учир нь бид үерийн ус шавхагдаж дуусахаар дахиад түр далан босгоод түр замаа сэргээн босгоод тээвэрлэлтээ саадгүй үргэлжлүүлнэ. Мэдээж, энэ далангийн гүүр барих ажил дуусахаар энд түр тавигдсан угсрагдсан төмөр замыг шилжүүлээд байрлуулаад түр босгосон даландаа хөрсний нөхөн сэргээлтийн ажил хийгдчих учир ямар ч хохиролгүй үйл ажиллагаа юм. Үүнийг иргэд маань маш сайн ойлгоорой. Мэдээж мэргэжлийн хүмүүсийн хувьд бол энэ бүхэн бага зэргийн саад болохоор бэрхшээл үүсгэх том асуудал огт биш юм шүү.

Үнэндээ, монголчуудын барьж буй төмөр зам үерт урссан тухай цахим шуугианд хөлтэйхэн тараагдсан зургуудыг хараад сэтгүүлч миний бие ч гэсэн бухимдаж байлаа. Маш их мөнгөөр, маш их хөдөлмөрөөр бүтээн босгож байгаа тэр бүтээн байгуулалтыг сошиалд сэвэгчдийн санаатай, санамсаргүй шидэлсэн “чулуу”-гаар мэдээлэл бүтээж, өөртөө хоногшуулсан мянга, мянган монголчуудын нэг учир нээрээ л нөгөө том бүтээн байгуулалт гэх төмөр зам нь ганцхан бороо шивэрхэд урсаад явчихаж байгаа юм байх даа гэсэн мэдээллийг өгсөн болохоор тэр шүү дээ.

Тийм учраас энэ асуудлыг газар дээрээс нь сурвалжилна хэмээн давхисан маань ч онож гэдгийг ирээд ойлгосон. Учир нь сэтгүүлч миний бие монголчууд бүтээж чаддаг юм гэдгийг харуулж байгаа мэргэжилтэн, инженер, ажилтан, ажилчдаас бүрдсэн 90 гаруй компанийн 8000 орчим монголчуудын хийсэн ажлыг өөрийн нүдээр харсан. Ганцхан жилийн дотор монголчууд ийм том ажлыг мэргэжлийн төвшинд хийж, гар нийлэн маш олон залуучууд  чадаж байгаагаа харуулж чадлаа гэж омогшсон, нуух юм байхгүй. Зүүнбаянгаас баруун тийш 416 километрт сунайх төмөр замыг монголчууд барьж байгаа гэдгийг, түүгээр барахгүй тэр том бүтээн байгуулалтад ажиллаж байгаа монголчуудын 80 гаруй хувь нь шижигнэсэн залуучууд байхыг харах үнэхээр сайхан байлаа.

Монголын төмөр зам ТӨХК-ийн замын инженерО.Цацрал,“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил нийт 414.6 километр. Үүнээс 7.5 километрийгминий биехариуцан баг ахалж ажиллаж байна. Манай хэсэгт 28 ус зайлуулах хоолой, 7 гүүр бий. Одоогийн байдлаар төмөр замын далан болон ус зайлуулах хоолойн ажил 100 хувь дууссан. Ерөнхийдөө гүүрийн ажил үлдсэн, үргэлжилж байна”хэмээн даруухан өгүүлсэн. Тэрбээр, ОХУ-ын Эрхүү хотод Төмөр замын инженер мэргэжлээр 2011 онд төгсөж, гурван жил УБТЗ-д замчин, дахиад гурван жил автозамын салбарт ажиллаад мөрөөдлөө биелүүлж, монголчууд өөрсдөө барьж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байгаа аж. Тэр ч утгаараа “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол Монгол Улсад урд өмнө нь хийж байгаагүй анхны том хэмжээний бүтээн байгуулалт.

Тиймээс энд ажиллах ньнэр төрийн хэрэг төдийгүй, мөрөөдөл маань биелэсэн гэсэн үг. Манай улс Замын-Үүд-Сүхбаатар чиглэлийн ганцхан төмөр замтай. Одоо нэмээд шинэ төмөр замын сүлжээтэй болж байна. Дорноговь, Өмнөговь, ер нь говийн бүс цаашид газрын баялгаа түшиглэн уул уурхайн бүс нутаг болж хөгжих нь тодорхой. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу хэд хэдэн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, томоохон уурхайнууд болон хайгуулын ордууд байдаг.

Энэхүү бүтээн байгуулалт нь манай улсын уул уурхайн хөгжилтэй шууд холбоотой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Бид “хөгжлийн сав”-аа бэлдэж байна.Мөн зам дагаж хөгжил гэж үг бий. Тэгэхээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дагаад шинэ суурьшлын бүс, суурин газрууд байгуулагдаж, шинэ ажлын байрууд бий болох нь эргэлзээгүй.Ийм ажлын эхлэлийг тавьж ажиллаж байгаа багт ажиллаж хүчээ сорьсондоо баяртай байна” хэмээсэн.

Зуун хувь дотоодын хөрөнгө оруулалтаар монгол компаниуд, монгол инженерүүд, монгол залуус ажилласан анхны том бүтээн байгуулалт бол Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн 416 километрт тавигдаж байгаа төмөр зам юм. Энэ утгаараа үндэсний бүтээн байгуулалтболсон энэ төсөлд дан ганц төмөр замын инженер гэлтгүй автозам, гүүр, хоолой, эрчим хүч, шилэн кабель, авто зам, дэд бүтэц зэрэг 10 орчим чиглэлд залуу инженерүүд оролцож, ажил мэргэжлийн хувьд  өөрсдийгөө харуулах том боломж болсон нь сайшаалтай.

Түүнээс гадна манай улсын түүхэнд анх удаа олон салбарын залуу инженерүүдийг нэгтгэж ажиллуулсан тохиолдол учир ирээдүйд бүтээгдэх олон бүтээн байгуулалтын хөгжлийн шатанд цоо шинээр татаж байгаа шан, түүчээ гэж харж, бахархсан, сэтгүүлч миний хувьд. Нөгөө талаараа шүүмжлэх гэж хардаж орж ирсэн сэтгүүлчийн хувьд газар дээр нь ирж сурвалжлага бэлтгэж, тал талын эх сурвалжуудтай уулзаж явахдаа үнэндээ л бодит байдлыг нүдээр харж, “үнэнд гүйцэгдсэн”-ээ хүлээн зөвшөөрсөн, миний л хувьд.   

Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын ахлах инженер М.Балжинням, Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 90 гаруй аж ахуй нэгж, байгууллагын 8000 орчим монголчууд өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлүүлээд өдөр өнжихгүй ажилласанаар өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай болж, ирэх 12 сар гэхэд бүрэн дүүрэн дуусгаад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Нийт 416 километр замыг барих ажилд баг болж ажиллаж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь дандаа залуучууд.

Монгол залуучууд ирээдүйгээ харж, их бүтээн байгуулалтад өөрийн хөдөлмөрөө оруулж байгаа учир үнэхээр хичээж, бас бөөн урам зоригтой ажиллаж, энэ хэрээрээ үр дүнтэй, ур чадвартай, хурдтай ажиллаж байгаа гэж увьдаа дүгнэж байгаа. Гэтэл ингэж ажиллаж байхад сошиал орон зайд худлаа мэдээлэл гаргаж, монголчуудын барьсан төмөр зам урслаа гэж шуугиан тарьж байгаад үнэндээ жаахан урам хугарч байна.

 Хамгийн гол нь мэдээлэлд цэнзүргүй хандаж, бодит бус мэдээллийг хамаа замбараагүй тарааж, хий хоосон сенсаци үүсгэх биш газар дээр нь ирээд нөхцөл байдалтай танилцаад монголчуудынхаа хийсэн бүтээн байгуулалтыг үзээд хараад явах боломж хэн хүнд байгаа гэдгийг хэлмээр байна. Хийж бүтээж байгаа нэгнээ, тэр дундаа залуучуудаа, монголчуудаа дэмжиж өөрсдийнхөө ирээдүйн төлөө ажиллаж байгаа баг хамт олныг хүндэтгэж эе эвтэй амьдрах хэрэгтэй байна шүү хэмээсэн.

ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ УРАГШИЛЖ БАЙНА

Төмөр замын бүтээн байгуулалтын ажил хурдтай явж байгаань монголын Зэвсэгт хүчин жанжин штабын алба хаагчдыннөр их хөдөлмөр гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Цэргийн зохион байгуулалт энэхүү бүтээн байгуулалтын ажлыг нарийн дэг журам, нягт зохион байгуулалттай болгож, ажлын гүйцэтгэл дээр хүртэл давуу байдлууд бий болгосон гэдгийг Монголын төмөр зам ТӨХК-ийн инженерүүд хариуцлагатайгаар өгүүлж байсан юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага дор туслан гүйцэтгэгч найман компани ажиллаж байгаа бөгөөд идэр есийн хүйтэнд ч төмөр замын ажилд дайчлагдсан цэргүүд хойш суухгүй ажилласаны хүчээр энэ том бүтээн байгуулалтын ажил заагдсан хугацаандаа хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байгаа аж.

Их бүтээн байгуулалтыг хийж буй Монголын их говь бол байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй. Ялангуяаөвөл, хаврын улиралхамгийн хүндбайдаг бөгөөд байнга шахуу элсэн шуурга болно. Харин зун маш халуун. Арай гэж  бороо ороход тэр нь хатсан хөрсөндөө шингэхгүй шууд урсаад замдаа таарсан болгоноо хамаад үер болоод явчихдаг. Борооны дараа ажил хийж байгаа хүмүүст машинаар байтугай явган явахад ч хэцүү. Шар шаварт хөл нь зууралдаад алхахад ч бэрхтэй хэдий ч алив саад бүхнийг  туулан хийхээр зорьсон бүтээн  байгуулалтаа өнөөдөр монголчууд 100 хувь өөрсдөө хийж, хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байгаа нь гайхамшиг.

Зүүн баян-Таван толгойн чиглэлийн 416 киломерт төмөр замын бүтээн байгуулалтад 90 гаруй байгууллагын 8000 хүн ажилласан. Тиймээс хийсэн ажил бүхэндээ сэтгэлээ шингээн ажилласан монголчуудын төмөр замын салбарт хамгийн анхны төдийгүй, хамгийн том энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд өнөөдөрзүгээр л шүүмжлэлийн ээлжит сэдэв болгож урмыг нь битгий хугалаарай.

Нүдээр харж, чихээр сонсоогүй ч шүүмжлэх дуртай монголчуудын маань цахим орчинд хэсэг хүмүүсийн гар хөлийн үзүүрт сөрөг мэдээлэлд итгэж асуудал үүсгэх нь ямархуу хор нөлөөтэйг уг газар дээр ажиллаж байгаа олон залуучууд харамсан өгүүлж байсан. Тиймээс аливаа асуудлыг мэргэжлийн төвшинд мэдэхгүй бол мөн  нүдээр хараагүй хүн бол шүүмжил нулимахаас илүү үнэнийг тодруулж, ажиллах нь хамгийн чухал байгааг тэд хэвлэлээр дамжуулж хэлэхийг хүсч байсан юм. Учир нь монгол залуучуудын хүч хөдөлмөр нэгдэж анх удаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Манай залуусын хүч хөдөлмөрийг ойлгохгүй хүмүүст төмөр замын далан овоолсон шороо мэт харагдах нь мэдээж. Тухайлбал, манайд ажиллахаар анх удаа ирж байгаа жирийн хүмүүс ч тийм ойлголттой ирдэг. Харин өөрөө дунд нь ороод, ажиллаад эхлэхээр шороог зүгээр нэг овоолоод тавьчихдаггүй юм байна. Шороо овоолсон гэж харагдаж байгаа тэрхүү даланг босгохын тулд нарийн технологийн горим, стандарт шаардлагатай. Тохирсон хөрс хэрэгтэй. Тэрийг нягтруулна, усална, дахиад нягтруулна. Арчилгаа хийнэ. Ингэхийн тулд ямар их техник, хүн хүч шаарддаг. Тэр болгонд ямар их цаг, зардал гардаг гэдгийг ойлгодог юм”хэмээн өгүүлсэн залуу инженер О.Цацралын үгийг энд онцолмоор байна.            

Дашрамд дурдахад, үнэндээ овоолсон шороо мэт харагдаж байгаа төмөр замын даланмаш хариуцлагатай ажил аж.  Төмөр зам аль болох тэгшхэнтавигдах эхлэл нь энэхүү далан буюу суурь. Тиймээс хамгийн анх геодезийн судалгаа хийгддэг. Газраа хэмжинэ, хөрсөө судална. Тэгэхээр газрын хотгор, гүдгэрээс хамаараад хаана хэр өндөр, нам далан, хаана өндөрлөг сэтлэх вэ гэдэг төлөвлөлт хийгдэнэ.

Мэдээж шууд байгаа газар дээр нь далан босгохгүй. Дор хаяж 10 сантиметр хөрс хуулна. Дараа нь нягтруулна. Нягт бол 95 хувь хүртэл байх ёстой. Тэр стандартыг хяналтын баг, гүйцэтгэгч компаниуд шалгана. Зөвшөөрөгдсөн тохиолдолд дараагийн үеэ авна. Төмөр замын далангийн хувьд нэг үе нь 30 сантиметр хүртэл өндөр явна. Далангийн үе авсны дараа байгалийн өөрийнх нь чийг гэж байгаа. Дээрээс нь нягтруулахын тулд усалгаа хийнэ. Говийн нөхцөлд бол усны хүндрэл тулгарна. Тиймээс Монголын төмөр зам компани төмөр замын трассын дагуу бүх туслан гүйцэтгэгч компаниуддаа худаг гаргаж өгсөнбайна. Далангаа усалсны дараа индүүднэ. Индүүднэ гэхээр зүгээр илээд явахгүй.

Далангийн материалаас хамаараад хэрхэн индүүдэх вэ гэдэг нь янз бүр. Даланд хаа тарсан материал ашиглаж болохгүй. Хэчнээн стандарт, горимын дагуу хийсэн ч муу материалаар босгосон далан үер болоход урсаад явчихна. Говийн хувьд материалын чанар тааруу, олдоц муу байх нь элбэг. Тиймээс зарим компаниуд холоос материалаа татах хэрэг гардаг. Далангийн үе бүхэнд энэ процесс үргэлжилнэ. Мөн үе болгон өөрийн гэсэн төвшинтэй. Тиймээс тэр төвшин хангагдаж байгаа эсэхийг хэмжилтийн мэргэжилтнүүд байнга хянаназэргээр маш их ажлын үр дүнд олон баг цаг наргүй ажилласаны хүчинд төмөр замын далан бий болдог. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажил 100 хувь дууссанаж. Одоогоор байгалийн нөхөн сэргээлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна.

 

            Сэтгүүлч Х.Ган-Ялалт

  • 2020-08-28 14:23:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00