М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл

М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл

Image

Монголын Төмөр Зам ТӨХК-ийн Эрчим хүч хариуцсан инженер М.Цог-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуух эрчим хүчний сүлжээ байгуулах ажлыг гардан гүйцэтгэж буй салбартаа үнэлэгдсэн мэргэжилтэн юм.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нэг онцлох зүйл бол говийн алслагдсан бүсэд эрчим хүчний сүлжээ бий болгож буй явдал билээ. Энэхүү нүсэр ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүнээс энэ ажил хэр ахицтай үргэлжилж байгаа талаар яриагаа эхлэе?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2019оны тавдугаар сард эхэлсэн. Төмөр замын трасс гарсны дараа бид Эрчим хүчний яаманд хандаж трассын дагуу төмөр замыг эрчим хүчээр хангах техникийн нөхцөлөө батлуулснаар ажил эхэлсэн байгаа. Эрчим хүчний зураг төслийг ЭХЭЗХ ААТҮГ гүйцэтгэн  2020 оны нэгдүгээр сард үндсэндээ дууссан. Ингээд 2020 оны нэгдүгээр сараас угсралтын ажилдаа орсон. Одоогийн байдлаар эхний 75 километр замд эрчим хүчний цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил бүрэн дууссан ба үлдсэн 380 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл, зөрлөгийн дэд станцын ажил үргэлжилж байна. 75 км шугамыг өвлийн цагт бид үндэсний гурван  компанийн хүчээр барьж дуусгасан.

Бидний хувьд хамгийн гол санаа зовж байсан асуудал бол 35 киловольтын төмөр бетон тулгуурыг өвлийн цагт Монголд үйлдвэрлэх хүчин чадалтай компани байх уу. Байлаа ч манай төсөлд шаардлагатай хэмжээнд нийлүүлж чадах эсэх нь тодорхойгүй байсан. Харин “Энх-Өглөө” компани өнгөрсөн өвөл манайд шаардлагатай бүх тулгуурыг үйлдвэрлэж чадсанаар бид хангамжийн тал дээр цаг алдаагүй.  Энэ төслийн ажлын аль ч шатанд   үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг  өргөнөөр хамруулах чиглэлийг барьж ажиллаж байна. Бид 2020 оны дөрөвдүгээр сараас үлдсэн 380 километр цахилгаан дамжлагын агаарын шугам, зургаан дэд станц, нэг өртөөний дэд станцын барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар нийт 11 багц барилга угсралтын ажилд  14 туслан гүйцэтгэгч төрийн болон хувийн хэвшлийн компани аж ахуйн нэгж ажиллаж байна. Мөн техникийн хяналтыг Эрчим хүчний хөгжлийн төв, зохиогчийн хяналтыг ЭХЭХЗ ААТҮГ, ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ-ын Төсөл хэрэгжүүлэх нэгж зэрэг албан байгууллагууд хамтарч ажиллаж байна.  Эрчим хүчний барилга угсралтын ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Бид тулгуур үйлдвэрлэлийн хүчин чадалд саатал учрахаас урьдчилан сэргийлж өнгөрсөн өвөл зөвшөөрөл бүхий гурван монгол компанийн хамтарсан консорциумыг байгуулж  нийт  2600 гаруй тулгуур үйлдвэрлэх ажил 100 хувь дуусч төслийн талбайд 95 хувь нь тээвэрлэгдээд ирсэн. Зөвхөн Эрчим хүчний угсралтын ажилд л гэхэд нийт 300 гаруй хүн 60 орчим техник, тоног төхөөрөмжтэй үргэлжилж байна.

-Монголын Төмөр Зам ТӨХК-ийн удирдлагууд Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт гэдэг утгаараа төмөр замын төслийн бүх зүйлийг дотоодоосоо шийдэхийг зорьсон талаар ярьж байсан. Эрчим хүчний сүлжээ байгуулах ажилд импортын хэрэглээ бий юу?    

-Тийм ээ. Дотоодын үйлдвэр, компаниуд болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь манай компанийн төдийгүй төр засгаас энэхүү бүтээн байгуулалтад баримталж буй бодлого юм. Тиймээс ч эрчим хүчний шугамын угсралтын ажилд дандаа дотоодын туслан гүйцэтгэгч компаниуд оролцож байна. Дээр дурдсан тулгуур үйлдвэрлэлийг ч дотооддоо хийж байгаа. Манай улсад төмөр эдлэлийг цайрддаг үйлдвэр байхгүйн улмаас бид зөвхөн төмөр хийцээ БНХАУ-аас импортоор авч байна.

Зураг төслийн шатанд говийн бүс салхичлалын дөрөвдүгээр бүсэд хамаардгаас шалтгаалан ОХУ-д үйлдвэрлэдэг “CK22” тулгуурыг ашиглах санал гарч байв. Миний санахаар гурван жилийн өмнө л гэхэд “CK22” тулгуур нэг бүр нь 10-12 сая төгрөгийн үнэтэй байсан. Үүний дээр татвар, тээвэрлэлтийн зардал, тээвэрлэлтийн явцад эвдрэл гарах гэх мэт өртгийг тооцвол 2600 тулгуур асар их зардалтай тусах нь ойлгомжтой. Ингээд бид дотоодын компаниудын Дорнод аймагт хийж байсан өмнөх угсралтын ажлуудын туршлагыг харгалзан 35-ын конус хэлбэрийн тулгуураар хийх шийдэлд хүрсэн. Энэ нь нэгд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс гадна үнэ, өртгийн хувьд ч хямд тусах давуу талтай шийдэл байсан. Үндсэндээ чанарын хувьд зөрүүгүй ч тулгуур нэг бүрийн үнэ гурав дахин хямд өртөгөөр монголдоо хийж байна гэсэн үг юм.   

-Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт анх эхэлж байхад монголчууд төмөр зам барина гэж байхгүй, шороо овооллоо гэх хандлага мэр сэр ажиглагдаж байсан. Харин өнөөдөр ажил хэр зэрэг урагштай явж байгааг би өөрийн нүдээр хараад явж байна. Хэдий та эрчим хүчний хангамжийн инженер хүн ч гэлээ төмөр замын ажлын гүйцэтгэлийг хэрхэн дүгнэх вэ?

-Төмөр замын бүтээн байгуулалтын хувьд 2019, 2020 оныг хооронд нь харьцуулахад асар их ажлыг амжуулжээ. Энэ жилийн хувьд баруун зүгээс буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сум талаас 200 гаруй километр далангийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб болон бусад туслан гүйцэтгэгч компаниуд маш чадварлаг, хурдтай хийж дуусгалаа. Энэ бүтээн байгуулалт дээр дан залуучууд ажиллаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалт дан ганц далан, гүүр, хоолой, зам төмөр тавихаар хязгаарлагдахгүй. Төмөр замын өртөө, зөрлөгийн барилгын ажил, эрчим хүчний шугам болон говийн бүсийн онцлогоос хамаараад гүнийн  худаг гаргах гээд маш олон талбарт бүтээн байгуулалт зогсолтгүй явж байна. Говьд зөвхөн усыг л гэхэд 250метрийн гүнд өрөмдөж худгийг хэдэн араваар нь барьж усны хэрэгцээгээ хангаж байна. Энэ бүхэн маань эргээд орон нутагтаа л үлдэнэ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл бол Монгол Улсад сүүлийн 50 жил хийгдээгүй үндэсний хэмжээний нүсэр бүтээн байгуулалт. Төслийн захиалагч буюу Монголын Төмөр Зам ТӨХК-ийн хувьд бүтээн байгуулалтын талбар дээрээ өөрсдөө хяналт тавиад, бүх зүйлд нь оролцоод явж байна. Манай инженерүүд залуу хүмүүс учир туршлагагүй харагдаж болох юм. Гэвч хэрвээ хэн нэгнээс нь очоод ажлынх нь талаар асуувал бүх зүйлээ нэвт шувт мэдэж байдаг. Ийм чадварлаг залуус нэг баг болоод, ижил зорилгын төлөө явж байгаа болохоор надад ч урамтай сайхан санагддаг. Ажлаа мэддэг, ажилдаа мэргэжлийн ханддаг залуустай хамтарч ажиллахад ажил өөрийн эрхгүй урагштай явж байна. Дээрээс нь зөвхөн манай эрчим хүчний ажил гэлтгүй гүүр, хоолой, төмөр замын ажилд бетон, бусад материалууд асар ихээр шаардагддаг. Бүтээн байгуулалтын ажил саатах нэг шалтгаан бол материалын хангамж тасалдах явдал. Манай хамт олон төслийн зохион байгуулалтаа анхнаас нь нарийн төлөвлөсний ачаар материал болон хангамжийн хомсдолд огт ороогүй. Бүх ажил аль ч төвшиндөө яг төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ эрчээрээ урагшилбал эрчим хүчний ажил графикийн дагуу 10 сар гэхэд 80 хувьд хүрнэ гэж тооцож байгаа.

Монгол хүнд нийтлэг ажиглагддаг нэг сул тал бол аливаа зүйлийг урьдаас сайтар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангалгүй сэтгэлийн хөөрлөөр огцом шийдээд аливааг сүр сар эхлүүлдэг явдал юм. Бүтээн байгуулалт дээр ийм байдлаар хандвал асар хор хөнөөлтэй. Жишээ нь энэ төсөл дээр нэгхэн газар буруу нүх ухахад л говийн борооноор үерт автаж, өмнө нь хийсэн хамаг ажил замхрах эрсдэлтэй болно. Тэр болгонд цаг хугацаа, мөнгө урсана шүү дээ. Тиймээс бэлтгэл ажил, зөв зохион байгуулалт байх нь хамгийн чухал. Монголын Төмөр Зам ТӨХК-ийн хамт олны хувьд гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нараа яг ийм менежментээр хангаж ажиллахыг зорьдог. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт ердөө нэг жилийн хугацаанд буюу маш богино хугацаанд ийм ахицтай яваа нь Монголын Төмөр Зам ТӨХК-ийн удирдлага, төслийн гүйцэтгэгч ЗХЖШ, УБТЗ-ийн бие бүрэлдэхүүн, хамт олон, бусад туслан гүйцэтгэгч компаниуд, хяналт хэрэгжүүлэгч Тавантолгой Төмөр Зам ХХК болон энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа нийт хүмүүсийн ажлын үр дүн юм.     

-Газар дээр нь ирээд бүтээн байгуулалтыг нүдээрээ хараагүй хүнд энэ талаар ойлголт төрөхгүй нь мэдээж. Түүнтэй адил ажлын талбар дээр ямар хүндрэл бэрхшээл тулгардаг болохыг дотор нь орж ажиллахаас нааш ойлгохгүй. Яг ажлын талбар дээр ямар хүндрэл, бэрхшээлүүд тулгарч байна вэ?   

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам бол үндэсний хэмжээний анхны том бүтээн байгуулалт. 35-ын хоёр хэлхээ 414 километр эрчим хүчний шугамын хувьд ч Монголд анхных. Эрчим хүчний барилга угсралтын ажилд айхтар хүндрэл бэрхшээл гээд зүйл гараагүй л дээ. Учир нь зураг төсөл зохиогчоосоо авахуулаад энэ салбартаа шилдэг инженерүүдтэй хамтарч ажиллаж байна. ЭТХЯ болон ДҮТ зэрэг байгуулагуудын дэмжлэг тусламж ЭХХТ-ийн хяналтан доор ажил явагдаж байна.Ганц нэг газар зургийн өөрчлөлт гарах, Тухай бүрд нь зураг төсөлд өөрчлөлт оруулаад хамгийн тохиромжтой шийдэл, гарц гаргалгаа хийгээд явж байна. Манай төмөр замын эрчим хүчний агаарын шугам гэхэд л нийт 12 цэгээр говийн сумдын  агаарын шугамууд болон уурхайн шугамуудтай огтлолцсон байсан. Тэр бүрийг өндөрлөх ажлууд хийгдсэн. Одоогоор нийт төмөр замын трассын дагуух шугам давуулгын ажил 100 хувь дууссан байгаа.

-Та энэхүү бүтээн байгуулалтад оролцож байгаагаас гадна Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ирээдүйд эх орондоо ямар хувь нэмэр оруулах боломжтой гэж харж байна вэ?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын стратеги, геополитикийн хувьд асар өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг дан ганц төмөр замаар холбоод зогсохгүй эрчим хүчээр давхар холбож байгаа. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь төрийн бодлогын хүрээнд алсыг харсан том нүүдлийн эхлэл юм.

-Ярилцсанд баярлалаа.    

 

  • 2020-09-15 09:34:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00
    Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
    2020-09-24 10:45:00
    Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна
    2020-09-21 14:24:00
    М.Цог-Эрдэнэ: Энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь, Дорноговийг төмөр зам, эрчим хүчээр хангах “хос морьтой” төсөл
    2020-09-15 09:34:00
    Хөрөнгө худалдах зар
    2020-09-15 09:23:00
    ТТ-ЗБ төмөр замын анхны 132.38 у/м гүүрэн дээр зам төмрөө угсарч байна
    2020-09-11 09:32:00
    Шинэ төмөр замын чанар шалгагч бүсгүйчүүд
    2020-09-08 09:01:00
    Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын төмөр зам
    2020-09-07 15:57:00
    Төмөр замын төслийн талбайд ХАБЭА-н сургалт зохион байгууллаа
    2020-09-04 14:38:00
    Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг
    2020-09-02 09:25:00
    ГОВИЙН ЗЭРЛЭГ ҮЕРИЙН ДАЙРЛАГА БУЮУ ТҮР ДАЛАНГИЙН НУРАЛТЫН МӨРӨӨР...
    2020-08-28 14:23:00