"Зүүн Азийн төмөр замын холболтыг бэхжүүлэх" Олон Улсын семинар зохион байгууллаа
2023-04-05
mtz
Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК, /KOTI/ БНСУ-ын тээврийн судалгааны консорциум хамтран “Зүүн Азийн төмөр замын холболтыг бэхжүүлэх” сэдвийн дор олон улсын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. БНСУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий төмөр замын салбарын 70 гаруй инженер, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг хамруулан зохион байгуулагдаж буй тус семинарт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, БНСУ-ын тээврийн cудалгааны хүрээлэнгийн Тэргүүн Өү Жэй хэк болон Yooshin engineering corporation, KORAIL, KIGAM институт тэргүүтэй хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Монгол Улсын Сангийн яам, Зам,тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд 2022 онд санамж бичиг байгуулж, “Зүүн Азийн төмөр замын нийгэмлэг үүсгэн байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын хөгжлийн стратегийг уялдуулах төсөл”-ийг “Монголын төмөр зам” ТӨХК, Солонгосын тээврийн судалгааны консерциум хариуцан хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд нэн ач холбогдолтой - Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэн хэрэгжүүлэх - Төмөр замын төслийн барилгын ажлын санхүүжилтийн загвар болон удирдлагын системийг боловсруулах - Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Тавантолгой-Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлээр судалгааны ажлууд хийгдэх юм. “Зүүн Азийн төмөр замын холболтыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд оролцогчид “Монгол Улсын Эдийн засгийн хөгжилд төмөр замын тээвэрлэлтийн үзүүлэх үр нөлөө, боломж”, БНХАУ, ОХУ-ын төмөр замын хэтийн төлөв дэх төмөр замын холболтыг бэхжүүлэх стратеги зэрэг олон сэдвийг онцоллоо.