Зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн үргэлжилж байна
2023-05-18
mtz
Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК нь “Scholarship Road-2023” зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэнд оролцож, компанийн үйл ажиллагаа, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай боловсон хүчний бүрдүүлэлт, төмөр замын ажил мэргэжлийн онцлогийг оюутан сурагчдад танилцуулж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг виртуал аяллаар сонирхууллаа. ![sited 1.jpg](https://res.cloudinary.com/dlo8veppc/image/upload/v1684400778/sited_1_b3b1a66268.jpg) ![sited 2.jpg](https://res.cloudinary.com/dlo8veppc/image/upload/v1684400778/sited_2_a317e87c24.jpg) ![sited3.jpg](https://res.cloudinary.com/dlo8veppc/image/upload/v1684400775/sited3_0889c69337.jpg) Тус үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын 8 их сургууль, коллеж оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцуулж байна. Зам, тээврийн салбар нь төмөр зам, автотээвэр, авто зам, агаарын тээвэр, далайн тээвэр гэсэн үндсэн 5 салбартай. Салбарт өнөөдрийн байдлаар нийт 40 гаруй мянган хүн ажиллаж, гадаадад 400, дотоодод 3000 орчим оюутан зам, тээврийн мэргэжлээр суралцаж байна. Төмөр замын сүлжээ өргөжин тэлж, авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, автотээвэр, агаарын тээврийн либералчлалын хүрээнд нисэхийн салбарт чадварлаг хүний нөөц, ажиллах хүчний эрэлт өндөр байгаа юм. Энэ хүрээнд энэ жилээс эхлэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын нэрэмжит зам, тээврийн салбарын чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгох журмыг батлан салбарын хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллахаар болж байна.Энэ тэтгэлгийн зорилго нь зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлтгэх бөгөөд тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломжийг олгоно.