2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлыг өнөөдөр Гүйцэтгэх захирлын ээлжит шуурхай хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдаанаар компанийн хэрэгжүүлж буй томоохон төсөл, төмөр замын тээвэрлэлтийн гүйцэтгэлийг дүгнэж, үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох нэгжүүдэд үүрэг, чиглэл өглөө.
Мөн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд төмөр замын тээврийн үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангах, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, хөдөлгөөний болон тээврийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах зэрэг асуудлаар холбогдох удирдлага, ажилтнуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.
2026 оны эхний хагас жилийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Баганхангай-Хөшигийн хөндий-Эмээлт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийт 7 сая тонн ачаа тээвэрлээд байна.