АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2026-01-22
mtz

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг “Монголын төмөр зам” ТӨХК-д 2026 оны 01 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгийг улс орон даяар зохион байгуулж байгаа юм.

Энэхүү үзлэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэ-Оюун, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Төмөрбаатар, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн газрын ахлах мэргэжилтэн, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Ц.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 01 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд тус компанид ажиллаж байна.

 Ажлын хэсгийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Энхбаяр хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаа болон архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.

 Уг үзлэгийн хүрээнд байгууллагын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлж, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргахын зэрэгцээ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох юм.