“БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ДАРААГИЙН ШАТНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОХООР БОЛЛОО
2025-11-25
mtz

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудын хамт “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал, цаашдын зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцов. Тус салбар төмөр замын доод бүтцийн ажлын гүйцэтгэл 96 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалтад 70 орчим дотоодын компани оролцож, инженер техникийн олон зуун ажилтан хүч хөдөлмөрөө зориулж байна.

 ам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн ажлыг шуурхай хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж буй нийт байгууллага, хамт олон, ажилчдад талархал илэрхийлж, төслийн санхүүжилт саатсан нь гүйцэтгэгч компаниудад хүндрэл учруулсныг тэмдэглэн албан ёсоор хүлцэл өчив. Тэрээр төсөлтэй холбоотой дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэн олгож эхлэхээр болсныг мэдэгдэв.

Мөн уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир болон Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Даваажаргал нар төслийн явц болон санхүүжилтийн тооцооллын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.