Өнөөдөр /2026.03.14/ “Монголын төмөр зам” ТӨХК-аас Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говийн бүсийн хөгжил” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус өдөрлөгөөр төмөр замын салбарын хөгжил, хүний нөөцийн бодлого, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж байгаа юм.
Одоогийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт ажиллагсдын 24.6 хувь буюу 340 орчим нь говийн бүсийн иргэд байгаа нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн бодлогын нэг илэрхийлэл болж байна.
Тус компани 2025 оны аравдугаар сарын 11-нд Даланзадгад хотод “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 73 иргэн ажлын байрны хүсэлт гаргаснаас 22 иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар хангаад байна. Мөн ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Политехник коллежтой хамтран 22 оюутныг төмөр замын мэргэжлийн сургалтад бэлтгэж байгаа юм.
Түүнчлэн БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн технологийн коллежтой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 9 оюутан 100 хувийн тэтгэлгээр төмөр замын мэргэжлээр суралцаж байна.