Гурван улсын хилийн төмөр замуудын комиссын зөвлөгөөн үргэлжилж байна
2023-02-07
mtz
Монгол-ОХУ-БНХАУ-ын хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөн Энэ сарын 06-07-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнөөр Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээ, галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлыг хөрш төмөр замуудтай хэлэлцэж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй Боомтуудын төмөр замуудын төслийн талаар танилцууллаа. Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан. Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны 02 дугаар сард хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын15-20 орчим км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд боомтын төмөр замыг 2023 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж, 2023 оны 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.