ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР МТЗ КОМПАНИ 30 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭНЭ
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын барилга байгууламж, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай энэ сарын 13-нд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Энэ үеэр “Монголын төмөр зам” /МТЗ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун “Монголын төмөр зам” компани энэ онд 18 сая тонн ачаа тээвэрлэж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана” гэж мэдэгдлээ. Тус компани 2025 онд 9 сая орчим ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ онд 18 сая тоннд хүргэх зорилт тавьсан нь өмнөх жилийнхээс даруй хоёр дахин өсөх үзүүлэлт юм.

Мөн тэрбээр “Энэ онд “Чайна энержи” компанийн 6.4 сая тонн ачаа тэвээрлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-руу явж “Чайна энержи” компанитай дахин хэлэлцээ хийж, ачаагаа 10 сая тоннд хүргэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Ирэх жилийн дөрөвдүгээр сард хил холболтын төмөр зам ашиглалтад ороход “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлт хийхэд шаардлагатай вагон, зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний хувьд бүрэн хангагдсан байх ёстой.

Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор хоногт 20-30 галт тэрэг 24 цагаар ажиллах шаардлага үүсэж байна, бэлтгэлийг хангах нь энэ оны гол ажил. Одоогоор хоногт 7-8 вагон 24 цагаар ажилладаг. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. 30 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд өдөрт 20-30 вагон 24 цагаар явж байж хүчин чадлыг бүрэн хангаж ажиллана.

Энэ жилийн хувьд Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” компаниас барьж байгаа бодлого бол ростерын ажилчдыг халж, аль болох говийн бүсийн аймгуудаас тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнээр хангах юм. Төв оппис дээр ажилладаг албан хаагчдынхаа 40 хувийг орон нутаг руу шилжүүлсэн. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутагт ажиллах ажилчдынхаа цалин дээр 43 хувийн нэмэгдэл нэмж өгөхөөр шийдвэрлэж, шаардлагатай зардлыг төсөвтөө суулгасан. Эхний байдлаар 80-аад ажилтан, албан хаагч орон нутагт ажиллахаар өргөдлөө өгсөн.

Тулгамдаж байгаа нэг асуудал нь ростероор ажиллаж байгаа 800 гаруй хүний амьдрах байр, ажиллах нөхцлийг сайжруулах шаардлага бий.

Энэ асуудлыг орон нутагтайгаа хамтарч ажиллан шийдвэрлэхээр төлөвлөсөн. Өмнөговь аймгийн Засаг дарга, Цогтцэций сумын Засаг дарга нар өнөөдөр мөн газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцаж байна. Бидний хувьд ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцыг сургууль, цэцэрлэгтэй нь хамтад нь цогцолбор байдлаар байгуулахыг зорьж байна” гэлээ.