“Монголын төмөр зам” ТӨХК-ийг зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоолоо
2023-09-17
mtz

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 4 дүгээр хуралдаан өнөөдөр болж төмөр замын суурь бүтэц эзэмшигчийн зах зээлд зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоох судалгааг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцогч гишүүдэд судалгааг танилцуулж, асуулт хариулт өрнүүлж санал хураан нийт гишүүдийн 100 хувийн саналаар Тавантолгой /Цогтцэций өртөө/-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтэц эзэмшигчийн зах зээлд зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг тогтоож шийдвэрлэлээ.

Тавантолгой /Цогтцэций өртөө/-Зүүнбаян чиглэлийн тус төмөр зам нь Тавантолгойн ордны коксжих нүүрс болон трассын дагуу байгалийн баялгийг одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээгээр тээвэрлэх, цаашилбал далайн боомтуудад хүргэх, нэг зах зээлээс хамаарсан хамаарлыг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.