"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН НЭГ ЖИЛ ШҮҮМЖЛЭЛЭЭС АМЖИЛТ РУУ
2026-01-09
mtz

Оны өмнөхөн зарим төрийн өмчит компаниудын үр ашгийг нь нэмэгдүүлж, засаглалын шинэчлэл хийхийн тулд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах тухай тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэхдээ сайн удирдлагатай, ашигтай ажиллаж байгаа компаниуд нь хувьчлалын гадна үлдэх нь мэдээж. Үүний нэг нь "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани.

Одоогоос яг нэг жилийн өмнө тухайн үеийн гүйцэтгэх захирал Л.Отгонсүх нь шилжин ажиллах болсон тул компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж О.Батчулууныг оронд нь томилж байжээ. Шинэ удирдлагын улиг болсон очсон газартаа л дотоод бүтэц бүрэлдэхүүнийг нь шууд халж, сольдог ажлыг хойш тавьж, томилогдсон даруйдаа л ажилтнуудынхаа үр ашигтай байдал болон компанийн жилийн зорилтоо биелүүлэхэд шууд анхаарлаа хандуулжээ.

Төрийн байгууллагад түгээмэл харагддаггүй мэргэжлийн, ажил хэрэгч хандлагаар хариуцсан ажилдаа хандаж шаардлагатай менежментийн шинэчлэлүүдийг оновчтой бөгөөд зоримог хийж чадсан. Харин үүнийх нь үр дүн нэг жилийн дараа"Монголын төмөр зам" гэх компанийн өмнө нь үзүүлж байгаагүй түүхэн амжилт болон хувирчээ. Тиймээс сайн менежмент, ухаалаг удирдлагатай газарт амжилт өөрөө ирэх нь бизнест бол хууль мэт зүйл. Харин үүнийг төрийн өмчит компаниуд дундаа түүчээлэн "Монголын төмөр зам" ТӨХК харуулж чаджээ.

Ачаа тээвэрлэлт 192%-иар өсөв:

"Монголын төмөр зам" ТӨХК өнгөрсөн онд нийт 8.7 сая тонн ачаа тээвэрлэж, жилийн төлөвлөгөөгөө 13 хувиар давуулан биелүүлсэн байна. Энэ нь өмнөх 2024 онтой харьцуулахад тээвэрлэлтийн хэмжээгээ 192 хувиар буюу бараг хоёр дахин өсгөж түүхэн дээд амжилт болон бүртгэгдсэн байна.

Төсөвт оруулах хувь нэмэр хоёр дахин нэмэгдлээ.

 

Санхүүгийн үр ашгийн хувьд МТЗ ТӨХК төрийн өмчит компаниудыг түүчээлж, нэг жилийн дотор орлогоо хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр улсын төсөвт 49.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны үзүүлэлтээс мөн л хоёр дахин өссөн дүн.. Энэ нь төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэх хэвшмэл ойлголтыг халсан явдал байлаа.

Түүнчлэн Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт, Төмөртэй–Хандгайт гэсэн чиглэлд нийт 8 сая тонн, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд "Чайна Энержи" групптэй байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд богино хугацаанд 3.5 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь компанийн түүхэнд бас л дээд амжилт. 


Бүтээн байгуулалт ба Инноваци:

Түүнчлэн компанийн зүгээс стратегийн ач холбогдол бүхий Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлсэн нь өнгөрөгч оны хамгийн чухал ажлуудын нэг. Төслийн явцын нийт гүйцэтгэлийг 84%, доод бүтцийн ажлыг 98%-д хүргэсэн. Мөн онцлууштай нэг зүйл нь Монгол Улсад анх удаа төрийн өмчит компанийн хөтөлбөртэй бондыг биржийн бус зах зээлд гаргаснаар төслийн санхүүжилтыг төсөвт дарамт учруулахгүйгээр ухаалгаар шийдэж чадсан. Энэ мэтчилэн олон чухал, үр дүнтэй ажлыг хослуулж хийснээр Монголын төмөр зам ТӨХК-ийг нэг жилийн дотор үр ашгийг нь 2-3 дахин нэмэгдүүлж байна.

Эцэст нь хэлэхэд саяхан жилийн өмнө төмөр замын ажилтнуудаас их хэмжээний хээль хахуулийн хэрэгт холбогдож шүүхээс ял авч байлаа. Өөр зүйлс ч их хөндөгддөг төмөр замын салбарт бугшсан олон асуудлыг цэгцлэхэд сайн удирдлагын зоримог шийдлүүд л ус агаар шиг хэрэгтэй байсан мэт. Үүний үр дүнг ганцхан жилийн дотор Монголын аж үйлдвэрийн ууган салбарыг хэрхэн өөрчлөснөөс нь харж болно. 

Цаашлаад "Монголын төмөр зам" ТӨХК нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулагч гэдгээ харуулж,  шинэ удирдлагын багаар дамжуулан энэ жил бүтээн байгуулалтын төслүүд болон тээвэрлэлтийн өсөлтийг ирэх жилүүдэд улам бататгах зорилго тавин ажиллаж байна.