ТӨМӨР ЗАМЧДЫН АЖИЛЛАХ, АМЬДРАХ ОРЧНЫ СТАНДАРТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2025-12-01
mtz

2025 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Цогтцэций–Зүүнбаян чиглэлийн төмөр замын Хулангийн шанд, Номгон, Борхошуу зөрлөгүүд болон Цогтцэций өртөөг хамарсан замын үзлэг шалгалтыг хийж, орон нутаг дахь төмөр замчдын ажиллах, амьдрах орчны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

 Үзлэгийн үеэр өртөө, зөрлөгүүд дээр байрлах төмөр замын удирдлагын байр, технологийн байр, зүтгүүрийн депо зэрэг обьектуудын нөхцөл байдалд үнэлгээ хийж, ажилтан, албан хаагчидтай уулзан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь сонсож, шийдвэрлэх чиглэлд тодорхой үүрэг, чиглэл өглөө.

 Гүйцэтгэх захирал О.Батчулуун дараах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж, үр дүнг танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Үүнд:

 Цогтцэций–Зүүнбаян чиглэлийн бүх өртөө болон зургаан зөрлөгийн удирдлагын байр, технологийн амрах байрны засвар, тохижилтыг шуурхай хийх;

 Өртөө, зөрлөгүүдийн ус цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг бүрэн засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах;

 Ус цэвэршүүлэх тоноглолыг вакум савлан хамгаалах, ашиглалтын хугацааг уртасгах нөхцөл бүрдүүлэх;

 Говийн бүсийн усны хатуулаг өндөр нөхцөл байдлыг харгалзан бүх өртөө, зөрлөгүүдэд ус зөөлрүүлэгч төхөөрөмж суурилуулж, шугам сүлжээний насжилтыг уртасгах;

 Ажилтнуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг дэмжих зорилгоор Цогтцэций өртөөнд Спорт заал байгуулах;

“Монголын төмөр зам” ТӨХК нь орон нутагт ажиллаж буй төмөр замчдынхаа ажиллах орчин, нийгмийн нөхцөлийг үе шаттайгаар сайжруулах бодлогын хүрээнд дээрх ажлуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.