“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төсөлд ашиглагдах материалын тээвэрлэлт, тэдгээрийг хүлээн авах болон талбайд тараан байршуулах ажлыг улирлын нөхцөл байдлаас үл хамааран тасралтгүй үргэлжүүлж, бүтээн байгуулалтын хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар уг төмөр замын бүтээн байгуулалтад гэрээний дагуу нийлүүлэх 9,310 ширхэг зам төмрөөс 4,340 ширхэгийг хүлээн авч, төсөлд шаардлагатай нийт зам төмрийн 46%-ийг бүрдүүлээд байна. Мөн 32,880 ширхэг бетон дэрийг хүлээн авч, эдгээрийг 18-р км-ийн ПК200 хүртэл буулгаж, талбайд байршуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэлээ. Энэ нь төслийн хэрэгцээт бетон дэрийн 15%-ийг хангаж байгаа юм.
Ийнхүү материалын нийлүүлэлт тогтмол нэмэгдэж, газар дээрх угсралт болон байршуулалтын ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа нь “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын дараагийн шатны ажлыг хугацаанд нь эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.