ТАВАНТОЛГОЙ ӨРТӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ
2025-12-01
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Захиргаа удирдлагын газрын дарга Ц.Энхбаяр болон компанийн удирдах ажилтнууд Тавантолгой өртөөнд ажиллаж, өртөөний үйл ажиллагаанд цогц үзлэг шалгалт хийлээ.

 Үзлэгийн хүрээнд ТНАЛТ, түр ачилтын терминал, ажилчдын байр, Зүтгүүр засварын депо, Вагон засварын депо, Зам засварын анги болон өртөөний удирдлагын байрны өдөр тутмын ажиллагаа, техник төхөөрөмжийн ашиглалт, хүний нөөцийн нөхцөл байдалтай танилцав. Мөн ажилтан бүрийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахаар боллоо.

 Үзлэгийн үеэр шугам замын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай Land Cruiser 79 маркийн хоёр ширхэг автомашиныг Тавантолгой өртөөний даргад албан ёсоор гардуулан өглөө. Энэ нь өртөөний шуурхай ажиллагаа болон замын ашиглалт, засварын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 “Монголын төмөр зам” ТӨХК нь ажилтнуудын ажиллах нөхцөл, орчны стандартыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төмөр замын өртөө, анги нэгжүүдэд үе шаттайгаар үзлэг шалгалт, сайжруулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.