Бид өглөөний 07:00 цагт Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалттай танилцахаар хөдлөв. Эхний өртөөн дээр очиход л ямар том бүтээн байгуулалт хийж буй нь харагдана. Уртаас урт харагдах ган төмөр зам эрин зууны хөгжилд хөтлөх мэт алсран зурайна.
Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор чингэлэг тээврийн терминалийг нийслэлээс гаргах зорилт тавьсныг ийнхүү ажил хэрэг болгохоор бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.
Энэ нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндий хүртэл 87.2 км, Хөшигийн хөндий–Шувуун фабрикийн чиглэлд 15.6 км, нийт 102.8 км урт үргэлжлэх төмөр зам юм.
Төмөр замын ачаа тээвэрлэлттэй холбоотойгоор Улаанбаатар хот дундуурх авто замын хөдөлгөөнийг өдөрт 3-4 цаг хаадаг. Тэгвэл төмөр зам баригдаж, чингэлэг тээврийн терминалийг Хөшигийн хөндийд байгуулснаар төмөр замын ачаа тээврийг буулгахтай холбоотой авто замын хөдөлгөөний хязгаарлалт 40 гаруй минут болж буурах аж.
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь нийгэм, эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөлд тооцогдож байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам баригдсанаар төмөр замын тээврийн салбарт чухал ач холбогдолтой төсөл болж байна. Улаанбаатар хотын голоор төмөр зам дайран өнгөрдөг. Уг шугамаар зорчигч болон ачаа тээвэр, мөн нийслэлийг хангадаг нүүрсний тээвэр хийгддэг. Нэгдүгээрт, тус төмөр зам маш их ачаалалтай. Хоёрдугаарт, аюулгүй ажиллагааны хувьд хүндрэлтэй байсан асуудлыг олон жил ярьсан. Иймээс холбогдох талууд, тухайлбал ОХУ-тай ойлголцож, Улаанбаатар хотоос тойруулан Багахангай чиглэлд холбох шийдэлд хүрсэн. Ингэснээр нийслэлийн түгжрэлийг бууруулж, тээвэр логистикийг шинэ чиглэлд төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд Улаанбаатар хотод ирж буй ачаалал багасаж, ачаа эргэлтийн хурд нэмэгдэнэ.
Энэхүү төслийн онцлог нь монголчууд өөрсдөө барьж байгаа. Бид энэ оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Төслийг хэрэгжүүлэх явцад тодорхой хэмжээний санхүүгийн хүндрэл гарсан ч дотоодын банкууд болон холбогдох байгууллагуудтай хамтран богино хугацаанд шийдвэрлэсэн. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээ хийсэн. Санхүүжилтийн асуудал нааштайгаар шийдэгдэж байна. Үр ашгийн тооцооллоор уг төслийн зардлыг 7–8 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж үзэж байна” гэлээ.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярмагнай хэлэхдээ “Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал ач холбогдолтой.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд тэсэрч, дэлбэрэх эрсдэлтэй ачааг нийслэлээр тээвэрлэсээр ирсэн. Дүнжингаравын дэлбэрэлт нь ийм төрлийн ачаа ямар ноцтой үр дагавар дагуулж болох нь харагдсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоор өдөр бүр хэдэн арван тэсэрч, дэлбэрэх аюултай ачаатай вагон дамжин өнгөрч байна.
Мөн энэ төсөл нь эдийн засгийн эргэлтийг дэмжихэд тодорхой нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна Хөшгийн хөндийн хөгжлийн гол суурь тэнхлэг болж байгаа бөгөөд нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулах төсөл” гэдгийг хэлж байв. Тус төслийн хүрээнд Хөшиг 2 өртөөнөөс салбарлан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гол шугамтай холбогдох төмөр замыг хоёр чиглэлд байгуулахаар төлөвлөжээ. Үүнд Хөшиг 2 – Эмээлт, Шинэ өртөө – Толгойт чиглэл багтаж байна.
Техникийн хувьд уг төмөр зам нь III зэрэглэлтэй бөгөөд нэг тэнхлэгийн ачаалал 25 тонн, царигийн өргөн 1520 мм байхаар төлөвлөгдсөн. Мөн тахирын хамгийн бага радиус 600 метр, удирдах хэвгий 9 хувь, жилд 30 сая тонн хүртэлх тээврийн хүчин чадалтай байхаар тооцоолжээ.
Барилга угсралтын ажлын явцаас дурдвал газар шорооны ажил 96.2 хувь, гүүрийн ажил 91.06 хувь, төмөр бетон дугуй хоолойн угсралт 88.3 хувь, дөрвөлжин хоолойн угсралт 75.77 хувьтай байна. Харин дээд бүтцийн угсралтын ажил 6.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Материал татан авалтын хувьд зам төмөр 100 хувь хангагдсан бол бетон дэрийн нийлүүлэлт 21.6 хувь, уулзварын иж бүрдэл 95 хувь, балластын нөөц 0.5 хувийн түвшинд байна.
“АЧАА ТЕРМИНАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨШИГИЙН ХӨНДИЙД ТӨВЛӨРҮҮЛНЭ”
Багахангай–Хөшигтийн хөндий чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэл, үр дүн, ач холбогдлын талаар "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунаас тодрууллаа.
–Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ бүтээн байгуулалтыг эхлүүлэв?
–Энэхүү төсөл нь 2025 оны нэгдүгээр сард Засгийн газрын 21 дүгээр тогтоол гарснаар хэрэгжиж эхэлсэн. Уг тогтоолоор Багахангай–Хөшигтийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” компанид даалгасан. Төслийн үйл ажиллагаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Эхний үе шат буюу Хөшигийн хөндий хүртэлх 87 км төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж, ухмал, далангийн ажлыг хийж дуусгасан.
Одоогийн байдлаар гүйцэтгэл 98 хувьтай байна. Уг 87 км замд 49 ширхэг ус зайлуулах дугуй хоолой, 16 дөрвөлжин хоолой, мөн мал амьтан нэвтрүүлэх гарцыг байгуулсан. Багахангай талаас эхний 7 км хэсгийн дээд бүтцийг угсарсан.
Өвлийн хугацаанд дэр бетон, суман шилжүүлэг зэрэг материалуудыг бүрэн татан авч бэлтгэсэн. Одоогоор угсралтын ажил эрчимтэй өрнөж байна.
–Нийт бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
–Төмөр замын үндсэн бүтээн байгуулалтын ажил 84 орчим хувьтай байна. Засгийн газрын 105 дугаар тогтоолоор уг төмөр замыг Улаанбаатар хотын Эмээлт өртөөтэй холбох шийдвэр гарсан. Ирэх долоо хоногоос гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж, ажлыг үргэлжлүүлнэ. Бид Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу энэ оны есдүгээр сард уг төслийг бүрэн дуусгаж, анхны галт тэргийг явуулахаар төлөвлөж байна.
–Бүтээн байгуулалтын явцад ямар хүндрэл тулгарч байна вэ?
–Төслийн санхүүжилтийг Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” компани хариуцаж байгаа. Санхүүжилтийн зарим хүндрэлээс шалтгаалан ажлын явц саатах нөхцөл үүссэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд манай компани бонд гаргаж, гүйцэтгэгчдийн санхүүжилтийг шийдсэн. Мөн инженерийн хувьд Монголд өмнө нь хийгдэж байгаагүй гүн ухмалын ажил тулгарч байна.
Зарим хэсэгт 34 метрийн гүн ухмал хийж байгаа нь Монгол Улсын стандартад заасан 12 метрээс давсан үзүүлэлт юм.
Ухмалын налуу огцом байгаагаас зарим хэсэгт нуралт үүсэх эрсдэл гарч байгаа. Үүнийг Зам, тээврийн яамны шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид үндэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Бусад гарч буй асуудлуудыг тухай бүрд нь шийдвэрлэж байна.
–Энэ төмөр зам стратегийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
–"Монголын төмөр зам" ТӨХК-ийн зорилго бол үндэсний төмөр замын сүлжээг хөгжүүлэх юм. Багахангай–Хөшигтийн хөндий–Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээс илүү нийгмийн ач холбогдолтой төсөл. Өнөөдөр Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замаас үүдэлтэй түгжрэл өдөрт дунджаар 3 цагийн алдагдал үүсгэдэг. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот дундуурх ачаа тээвэрлэлт буурч, замын түгжрэл багасна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Манай улсын хувьд нийслэлийн төвөөр дамжуулан аюултай, шатамхай ачаа тээвэрлэж байгаа нь эрсдэлтэй.
Эмээлтэд одоогоор 700–900 вагон түлш хадгалагдаж байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ачааг хотын гадна талд шилжүүлэх боломж бүрдэнэ.
Мөн бөөний худалдаа, ачаа терминалын үйл ажиллагааг Хөшигтийн хөндий рүү төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ.
–Ашиглалтын хугацааг хэрхэн тооцож байгаа вэ?
–Төмөр замын ашиглалтын хугацаа дунджаар 100 жил байдаг. Нэг удаа стандартын дагуу барьсан тохиолдолд зуун жил ашиглах боломжтой. Шинэ зам ашиглалтад орсноор вагонууд Улаанбаатар хот руу нэвтрэхгүйгээр шууд дамжин өнгөрөх боломж бүрдэнэ.
–Чанар, баталгааны хувьд хэр найдвартай вэ?
–Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсийн нөхцөлд төмөр зам барьж байна. Жишээ дурдахад, Цогтцэций–Зүүнбаян чиглэлийн 416 км замын газар шорооны ажил 22 сая куб метр байсан бол энэ 87 км замд 16 сая куб метр ажил гүйцэтгэж байна. Энэ нь илүү төвөгтэй, их хэмжээний ажил гэдгийг харуулж байна. Зураг төслийг “Монголын төмөр зам” компанийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсын стандартын дагуу боловсруулсан. Иймд чанар, аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан гэж үзэж болно.
–Барилгын чанарт хэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
–Төмөр зам болон гүүрийн барилгын хяналтыг Зам, тээврийн хөгжлийн төв хариуцан гүйцэтгэж байна. Мэргэжлийн байгууллагын хувьд хяналтыг холбогдох стандарт, журмын дагуу хэрэгжүүлж байгаа.
“Монголын төмөр зам” төрийн өмчит компани нь хангайн бүсэд анх удаа төмөр замын томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд газар нутгийн онцлог, геологийн хүнд нөхцөлтэй уялдсан инженерийн олон шинэлэг шийдлүүдийг ашиглаж байгаа нь өмнөх төслүүдээс ялгарах гол онцлог болж байна. Тухайлбал, хангайн бүсийн хөрсний тогтворжилт, гүний бүтэц нь лабораторийн шинжилгээнээс өөрөөр өөрчлөгдөх тохиолдол гарч байгаа тул геотехникийн нарийвчилсан тооцооллыг Монгол Улсын зөвлөх инженерүүд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Төслийн зарим хэсэгт гүн ухмал, налуу байгууламж хийх шаардлага гарч, эдгээрийг инженерийн шийдлээр үе шаттай хэрэгжүүлж байна гэлээ.
Төслийн онцлох байгууламжуудын нэг нь 22 метр өндөр, 226 метр урт гүүрэн байгууламж. Энэ нь Монголд анх удаа хэрэгжиж буй өндөр түвшний инженерийн шийдэл юм. Энэхүү гүүр нь галт тэрэгний ачааллыг жигд хуваарилах, газар хөдлөлт болон динамик ачааллын нөлөөг бууруулах зориулалттай бөгөөд ачаалал шингээх дэвшилтэт технологи ашиглаж байгаагаараа онцлогтой.