ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН АЖИЛЧИДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО
2026-03-13
mtz

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүд болон холбогдох ажлын хэсгийн төлөөллийн хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой өртөөний ажилчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтын үеэр сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын бодлого, зорилтын талаар танилцууллаа.

Тэрбээр “Гашуунсухайт–Ганцмод төмөр зам, Ханги–Мандал төмөр зам, Шивээхүрэн–Сэхээ төмөр зам чиглэлийн төслүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Эдгээр бүтээн байгуулалтын хүрээнд бүс нутагт 1500 гаруй шинэ ажлын байр бий болсон. Үүнээс Тавантолгой өртөөнд 550, Цогтцэций өртөөнд 250, Гашуунсухайт өртөөнд 300 орчим ажилтан ажиллаж байна.

Мөн говийн бүсэд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн төв оффисын салбар нэгжийг Тавантолгой өртөөнд байгуулах ажлыг эхлүүлж, эхний ээлжинд 73 орон тоотой салбар оффисыг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Цаашид төмөр замын салбарыг тасралтгүй хөгжүүлэх бодлого баримталж байгааг онцлон тэмдэглээд, Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Бичигт төмөр зам чиглэлийн хөндлөн төмөр зам, мөн Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн төмөр зам, Эрээнцав–Чойбалсан–Бичигт төмөр зам, Сүхбаатар–Хөшигийн хөндий–Номгон–Ханги төмөр зам чиглэлийн босоо төмөр замын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа” хэмээн онцоллоо.

Мөн эдгээр төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын зүүн, баруун, өмнөд бүсийг холбосон үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээ бүрэлдэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс-тай холбогдох шинэ гарцууд нээгдэхийн зэрэгцээ экспорт, тээвэр, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн говийн бүсэд уртын ээлжээр ажиллаж буй ажилтнуудыг орон нутгаас бүрдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, ажилчдыг гэр бүлээр нь бүс нутагт суурьшин ажиллах боломжийг бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх талаар танилцууллаа. Үүний хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн удирдлагын бүтцийн 40 хүртэл хувийг говийн бүсэд ажиллуулах, өртөө, зөрлөгийн ажилчдын цалин хөлсийг газар дээр нь бодож олгох, мөн ажилчдын хүүхдийн сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллана хэмээн онцоллоо.

Уулзалтад оролцсон ажилчид цалин хөлсийг хугацаанд нь олгох, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг салбарын бодлого, шийдвэрт тусгах хүсэлтээ илэрхийлж, санал бодлоо солилцлоо.